Бидний тухай

Дархан-Уул аймаг дахь гаалийн газрын товч танилцуулга

image

Анх 1963 онд Дархан-Уул аймаг дахь гаалийн газар нь Гадаад хэргийн яамны Гаалийн ерөнхий хорооны шийдвэрээр Сэлэнгэ аймаг дахь гаалийн хорооны харьяа Дархан хот дахь гаалийн салбар нэртэйгээр байгуулагдсан.
Гаалийн ерөнхий хорооны даргын 1963 оны 15 тоот тушаалаар Гомбо овогтой Намсрайжавыг Дархан хот дахь гаалийн салбарт байцаагчаар томилсон бөгөөд тус салбар нь УБТЗ-ын Дархан өртөөний нам олон нийтийн байгууллагын нэг жижиг өрөөнд үйл ажиллагаа явуулж эхэлсэн.
МУГЕГ-ын даргын 1994 оны 300 дугаар тушаалаар гаалийн салбар нь Сэлэнгэ аймаг дахь гаалийн газрын харьяалалаас гарч гаалийн хороо болон зохион байгуулагдсан.
Дархан-Уул аймаг дахь гаалийн хороонд Сэлэнгэ аймгийн гаалийн газрын харьяанд байсан “Хандгайт” дахь салбарыг шилжүүлэн өргөтгөж улмаар ГЕГ-ын даргын 2011 оны 01-р сарын 27-ны №40 тоот тушаалаар Гаалийн газар болгон байгуулсан.
Дархан-Уул аймаг дахь гаалийн газар нь:
  • Захиргааны хэсэг
  • Гаалийн хяналт, бүрдүүлэлтийн алба,
  • Санхүү аж ахуйн алба,
  • Хандгайт дахь гаалийн салбар гэсэн бүтэцтэй, ТТ 21, ТҮ 8 буюу нийт 29 ажилтантай үйл ажиллагаа явуулж байна.

Дархан-Уул аймаг дахь  гаалийн газар нь жилдээ 61,8 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлдэг бөгөөд 2019 оны 12 дугаар сарын 31 байдлаар 61,86 тэрбум төгрөгийг төвлөрүүлж, төлөвлөгөөний биелэлт 106,3 %-тай байна.

Тус газар нь  Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэр болон Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрийг хамран  гүний гаалийн хяналт, бүрдүүлэлтийн үйл ажиллагааг явуулж байна.

Тус гаалийн газар нь Дархан 1, Дархан 2, Зүүнхараа, Баруунхараа, Салхит, Шарын гол, Хөтөл, Хандгайт, Төмөртэй зэрэг 9 өртөө болон  Дархан суманд Дарханы Төмөрлөгийн үйлдвэр-Дархан, Дархан-Импекс, Ерөө суманд байрлах Хандгайт салбар буюу БТЕГ, Хүдэр суманд байрлах МТЗ зэрэг 4 гаалийн хяналтын бүсүүд, Магнай трейд ХХК, НИК ХХК-ний нефть хадгалах Гаалийн баталгаат агуулах болон олон улсын шуудан илгээмжид гаалийн хяналт, бүрдүүлэлтийг хийдэг.

Импортын бүрдүүлэлт хийж байгаа нийт бараа бүтээгдэхүүний татварын дүнгийн  80 гаруй хувийг нефтийн бүтээгдэхүүн, 20 орчим хувийг хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж, бордоо,  химийн болон тэсэлгээний бодис зэрэг бусад бараа эзэлдэг ба экспортын нийт бүрдүүлэлтийн 99 хувийг төмрийн хүдэр болон баяжмал, үлдсэн хувийг малын мах, боловсруулсан арьс шир зэрэг бусад бараа эзэлдэг.

Гадаад худалдааг хөнгөвчлөх, гарч буй хүндрэл саадыг арилгах, хууль ёсны худалдаанд дэмжлэг үзүүлэх ажлын хүрээнд  2014 онд тус гаалийн газрын Хандгайт гаалийн салбарт Монголын гаалийн байгууллагын эхний “Цаасгүй бүрдүүлэлт”-ийг  шинээр нэвтрүүлж, амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна. Одоо тус гаалийн газрын нийт бүрдүүлэлтийн 98% нь цаасгүй бүрдүүлэлтээр хийгдэж байна.

2017 онд Гаалийн Ерөнхий газрын удирдах ажилтны зөвлөгөөн спортын арга хэмжээг Дархан-Уул аймагт амжилттай зохион байгуулсан.

2018 онд тус гаалийн газрын 55 жилийн ойг  тохиолдуулан Гадаад худалдааг хөнгөвчлөх Гаалийн байгууллагын шинэчлэлийн асуудлууд сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг газар хороодоос анх удаа зохион байгуулсан.

Монгол Улсад шинэ үеийн Гаалийн байгууллага үүсч хөгжсөний 107 жилийн ойг тохиолдуулан Дархан дахь гаалийн газраас санаачлан Аймгийн ЗДТГ-ын Хууль эрх зүйн Хэлтэс, Дархан-Уул аймаг дахь Тагнуулын Хэлтэс, Цагдаагийн газартай хамтран “ХАР ТАМХИ, МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСТОЙ ХОЛБООТОЙ ТУЛГАМДСАН ЗАРИМ АСУУДЛУУДЫГ ШИЙДВЭРЛЭХ АРГА ЗАМ” сэдвээр онол практикийн бага хурлыг 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ЗДТГ-ын хурлын танхимд аймгийн эрдэмтэд, судлаач, их дээд сургуулийн багш, төрийн ба төрийн бус байгууллагын мэргэжилтнүүд болон сонирхогч нарын дунд нээлттэй зохион байгуулсан.

2017 онд Дэлхийн Гаалийн байгууллагын дэвшүүлсэн Цахим гааль, Дэвшилтэт хамтын ажиллагаа зорилтын хүрээнд төсвийн орлогыг бүрдүүлэхэд идэвхи санаачлагатай ажиллаж, үндэсний аюулгүй байдлыг хамгаалахад үнэтэй хувь нэмэр оруулсныг үнэлж III байранд шалгарсан тул “МАНЛАЙЛАГЧ ХАМ ОЛОН “өргөмжлөлөөр, 2019 онд Дэвшилтэд технологи – ухаалаг хяналт зорилтын хүрээнд үйл ажиллагааныхаа төлөвлөгөөг ханган биелүүлж, үндэсний аюулгүй байдлыг хамгаалах үйлсэд хувь нэмэр оруулж, төсвийн орлогыг бүрдүүлэхэд идэвхи санаачлагатай ажиллан, “Б” бүсийн гаалийн байгууллагуудаас “ТЭРГҮҮН”  байранд шалгарсан тул “МАНЛАЙЛАГЧ ХАМ ОЛОН” өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулсан.